Thursday, November 19, 2009

Хархулангийн бөгж

Хархулангийн бөгж романыг өчигдөр худалдан авснаа, дэндүү сонирхолтой байсан тул, шөнө дунд болсныг ч үл анзааран нэг суурин дээр уншиж дуусгалаа.

Баларсан, өнгөрсөн, одоо хэмээх 3 үеийг нууцлаг боловч, уран сэжмээр гайхалтай сайхан холбож өгчээ. Тэр Хархулангийн цайз руу нэвтрэх хэсэг, Манжуурт амь сөрөн урагшлах эрэлхэг монголчууд, ухаант эмэг эх, аюулт зандалчдаас арга эвийн ухаанаар дутаах Хантайн адал явдал мэтээр үнэнхүү сонирхолтой сэтгэмж, дүр зураг цааш хөвөрнө...

Ахас өвгөдийг хүндлэх ариун заншил, чигч шударгуу баримтлал, улс түмний тусын тулд амиа ч золих агуу сэтгэл, хэлсэн ярьсандаа ямагт үнэнч байх чанар зэрэг өнөө бидэнд үнэхээр дутагдаж буй үнэт зүйлсийг уран үгс, утгын чимгээр бахдалтайяа гаргаж.

Үлгэр дандаа сайнаар төгсдөгийн адилаар зохиол маань ч гэрэл гэгээлгээр жарган байна. Зохиолч өөрийгөө Нирунзу хэмээн нэрийдсэн ба ямар аавын хэн гэдэг хүү болохыг мань үнэхээр мэдэж чадсангүй. Ямартай ч амьдралын хал чулуу, халуун хүйтнийг амсахаараа нэг болсон өндөр боловсролтой, зүрхэндээ галтай жинхэнэ монгол хүн(эр?) бололтой.

Хавтас, хэвлэлийн цаасыг имэрвээс байдаг л нэг номхон санагдах биз. Гэхдээ балын амт нь цагаан дээр хараар жирийсэн үгс, өгүүлбэрт байгаам. Уншаад үзэгтүн, утгын урныг мэдэрч, хавьд амсаагүй сэтгэлийн таашаалыг эдэлнэ гэдэгт миний бие бардам итгэж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Хавсралт:
=========================================